Мэдээ мэдээлэл

Монгол, Орос, Хятадаар дамжин тээвэр хийх 200 эрх олгоно

Монгол, Орос, Хятадаар дамжин тээвэр хийх 200 эрх олгоно

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгох үүднээс улс хоорондын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг монгол тээвэрчид гүйцэтгэх боломжтой болжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ өнөөдөр /2020.01.15/ мэдээлэл хийлээ.

Азийн автозамын сүлжээнд холбогдсон Монгол Улсын AH-3, AH-4 гэсэн хоёр замаар монгол жолооч стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр бүх төрлийн ачаа тээвэрлэх юм. Тээвэрлэлт хийх аж ахуйн нэгж, хувь хүн эхлээд Авто тээврийн үндэсний төвд хүсэлт гаргана. Үүний тулд евро-4, түүнээс дээш ангиллын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байхаас гадна ачаа илгээх болон хүлээн авагч талтай тээвэрлэлтийн гэрээ хийсэн байх ёстой. Ингэснээр гурван улсыг холбосон тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичиг олгох аж.

AH-3 гэдэг нь Монгол Улсын хойд хил болох Алтанбулагаас өмнөд хил Замын-Үүдээр гараад БНХАУ руу явах зам. AH-4 бол Ховд аймгийн Булган сумын боомтоор цаашлаад Баян-Өлгийн аймгийн Улаан байшингийн боомтоор гарах зам юм байна. Тэгэхээр аль замаар тээвэрлэлт хийх вэ гэдгээ тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө сонгоно гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хамгийн анхны тээвэрлэлтийг “Мон-Авто транс” компани хийж гүйцэтгээд байна. Уг компани өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Улаан-Үүд хотоос Монгол улсыг дайраад БНХАУ-ын Тяньжин хот хүртэлх тээвэрлэлтийг амжилттай хийжээ.

ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга:

Ер нь ачаагаа олоод, ачаа олгогчтойгоо гэрээгээ байгуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хязгаар гэж байхгүй. Гэхдээ гурван улсын хооронд тооны хязгаар бол бий. Гурван улс хоорондоо 200 тээврийн хэрэгсэл оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл монгол өөрийнхөө 200 тээврийн хэрэгсэлд эрх олгоно, ОХУ мөн өөрийн улсын 200 тээврийн хэрэгсэлд эрх олгоно. Одоогоор монгол тээвэрчид гурван улсын хооронд явж эхлээд байна. Цаашдаа Хятад, Оросын тээвэрлэгчид Монголоор дамжаад тээвэр хийх юм. Нэг жилийн хугацаанд 200 зөвшөөрөл бага байж магад. Бид ачааны тоо хэмжээ, эргэлтийн цаг хугацааг харж байгаад эхний ээлжинд ерөнхийд нь багцаалж гаргасан. Хэрвээ шаардлагатай ачаа, эргэлт нэмэгдвэл гурван улс хоорондын хэлэлцээрээр зөвшөөрлийн бичиг нэмэгдүүлж болно.

Олон улсын тээвэр хийж буй жолоочид тавигдах шаардлага мэдээж мэргэжлийн үнэмлэхтэй байхаас гадна хил гаалиар гарахдаа мэдүүлгээ англи хэл дээр бөглөж чадах хэмжээний анхан шатны ойлголттой байх ёстой юм байна. Тээвэр хийх холбогдох бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд, стандартын дагуу ачаа бараагаа тээвэрлэхэд ямар нэгэн хүндрэлгүй аж.

“Мон-Авто транс” компанийн захирал Д.Пүрэвдорж энэ талаар ярихдаа:

“2016 онд манай компани анх туршилтын тээвэр хийсэн. Тухайн үед ЗТХЯ, Авто тээврийн Үндэсний төвөөс төлөөллүүд дагалдаж явсан учраас жолооч бие даасан тээвэр хийгээгүй. Харин энэ удаагийн тээвэрлэлтийг бид ачаагаа олоод, Эрхүүгээс байгалийн ус ачаад, БНХАУ-ын Тяньжин боомтод тээвэрлэж хүргэсэн. Бидэнд ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй” гэв.

Энэхүү хэлэлцээр далайд гарцгүй манай орны хувьд маш чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох газрын төлөөллүүд онцолж байна. Энэ нь Ази-Европыг холбох хамгийн дөт зам тул манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэх оруулна гэж тооцжээ.

Манай улс өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украйн, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг 16 улстай авто тээврийн салбарт хамтран ажиллаж байна. Цаашид Франц, Итали зэрэг улстай энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг салбарын яам онцлов.

 

Эх сурвалж: https://news.mn/